ЭЛЕКТРОН ТҮЛХҮҮР
Электрон түлхүүр
нь цахилгаан хэлхээг залгах эсвэл салгах электрон байгууламж бөгөөд,
автоматикийн цахилгаан соронзон индукцийн ороомог дээр хийгдсэн “реле”-ны
үүрэгтэй ойролцоо үүргийг гүйцэтгэнэ.
Гэхдээ
“Реле”-ны байгууламж нь цахилгаан хэлхээг залгах эсвэл салгахдаа контактын
(авалцуурын) тусламжтайгаар хийгддэг бол электрон түлхүүр нь контактгүй электрон байгууламж юм.
Электрон түлхүүр нь радиолокац, телевиз, компьютерын техник, логикийн
бүдүүвч, импульсын сонгодог бүдүүвчүүдэд
маш өргөн хэрэглэгддэг электроникийн үндсэн бааз суурь элемент болохын
зэрэгцээ хамгийн хялбар, энгийн бүтэцтэй электрон байгууламж буюу электрон бүдүүвчийн юм. Компьютерын техникийн хамгийн жижиг хэсэг нь
электрон түлхүүрийн бүдүүвч бөгөөд
түүний үзүүлэлт нь орчин үеийн мэдээлэл технологийн техникийн дэвшилийг
тодорхойлдог.
Электрон
түлхүүрийг шинжлэн судлахад, түүнийг дүйц (экивалент) бүдүүвчээр төсөөлөн
үздэг. Ийм дүйц бүдүүвчийг 3.1 дүгээр
зурагт үзүүлэв. (зураг. 3.1.а) Энэ дүйц бүдүүвчид “К” электрон түлхүүрийн ажлын горим нь вольт-амперийн
тодорхойломжийн “А” цэгээс “В” цэгийн хоорондох байрлалаар тодорхойлогдоно. (зураг. 3.1б). Электрон түлхүүрийн ажиллагааг бүдүүвчийн гаралт
дээрх хүчдэлийн буюу гаралтын импульсын дүрслэл зураглалаар 3.1 дүгээр зургийн “в”-д үзүүлсэн
байна.
Орчин
үед электрон түлхүүрийн хамгийн
чухал үзүүлэлт бол түүний хурд юм. Нэг секундийн дотор хэдэн
арван саяаас хэдэн арван тэрбум удаагийн давтамжтайгаар, (хаалттай байдлаас
нээгдэх эсвэл нээлттэй байдлаас хаагдах) сэлгэн залгах үүргийг зөвхөн электрон
түлхүүр л гүйцэтгэж чаддаг. Энэ шинж чанар нь орчин үеийн компъютерийн техникт
өргөн ашиглагддаг.
Электрон
түлхүүрийн ажиллах зарчим нь түүний гаралтын дамжуулал оролтын дохионы нөлөөн
дор огцом өөрчлөгддөгт оршино. Электрон түлхүүрийн “ачаалал” болох “цахилгаан
хэлхээг” залгах эсвэл салгах үүргийг шугаман бус радио элемент гүйцэтгэх ба
түүнийг түлхүүр буюу сэлгэн залгагч элемент гэж нэрлэдэг.